2010-01-29
Богд хан уул, Хатан Туул гол юу үгүйлнэ вэ?

Анх АНУ-ын Йольстоны үндэсний цэцэрлэгийг 1872 онд дархалсан гэдэг. Харин үүнээс өмнө манай чин зоригт өвөг дээдэс Богд хан уулыг 13-дугаар зууны үед  дархалсан ба мөн уг цэцэрлэгээс зуугаад жилийн өмнө дахин дархалж, дархан цаазат сүлдэт болгосон тухай баримт бий. Ийнхүү Богд хан уулын дөчин дөрвөн аманд унаган төрхийг нь хадгалан үлдээхийн тулд ой хамгаалагч суулгасан байдаг.   
Байгалийн тансаг бүхэн цогцлон бүрдсэн дархан цаазат Богд хан уул бол олон төрлийн хорхой шавж, ан амьтан, жигүүртэн, мөн эмчилгээнд хэрэглэдэг өвс ургамал, амтат үр жимсээр баялаг мод буттай хосгүй сайхан газар “байсан” юм. Учир нь Богд хан уулын дархан хилийн дотор хувийн орон сууц, зуслангийн байр, албан байгууллага, аж ахуй нэгжийн хашаа хороо, байшин барилга сүндэрлэж, дархан уулынхаа хаяаг тойруулан амралтын газар ажиллуулан, олны хөлд даруулж эхэлсэн. Дархан уулыг “дарлах” явдал Зайсангийн амнаас эхэлсэнийг мэдэхгүй  хүн үгүй биз. Мөн асар их баялагтай энэ уулын мод бут, ургамал бүхэн нь үр жимстэй учраас давран довтлогчдын урт цуваа дархан уул өөд давшин довтолсоор баялагийг нь дахин ургаж нахиалахгүй болтол уг үндсээр нь ховхлон тасдаж, хайр найргүй цөлмөн, бас сэтгэл нь ханаагүй бололтой архи дарсанд хөлчүүрхсэн мунхаг ухаандаа өөрийгөө мэдүүлэн, улалзсан галаар түймэрдэх болсон.
Харин Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гэгч “чухал нэртэй” байгууллага юуг хамгаалан ажиллаж, юу хийх ёстойгоо умартсан мэт таг чиг. Тунгааваас, удирдлагууд нь мэддэггүйдээ ч юмуу, мэддэг ч мэдээгүй өнгөрдөгтөө ч тэр үү, өөртөө “онцгой дархан” эрх өгч, Богд хан уулынхаа бэлд барилга байшин барих, самар жимс түүх, мод бут огтлох зөвшөөрөл олгож, хоорондоо эвтэйхэн тохиролцчихдог болохоор хэл амгүйхэн өнгөрдөг мэт бодогдоно.
Дархан уулаа богтлогдож дуусахаас нь өмнө аврахын оронд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Яармагийн гэр хорооллын хэсэгт “Яармаг хотхон” барих төлөвлөгөөг санаачлан, сүр дуулиантай баталсныг санаж байгаа биз ээ. “Дөчин мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд барих уг орон сууцыг Яармагийн авто замын урд хэсэг, Төв аймгийн авто замын зүүн талд барихаар төлөвлөсөн юм байх. Миний бие хорвоод мэндэлсэн тэр л цагаасаа эхлэн, Богд хан уулынхаа хормой, хатан Туул голынхоо хөвөөнд тоглож өссөний хувьд Яармагийн гэр хорооллын авто замын урд хэсгийн газар бол дархан цаазат Богд хан уулын бүсэд багтдаг болохыг хэнээр ч хэлүүлэхгүй мэдэх билээ. Ер хэн боловч мэдэх л зүйл.  
Дээрх санал улс орны хөгжил, өнгө үзэмжид сайнаар нөлөөлөх талтай боловч нөгөөтэйгүүр дархан цаазат Богд хан уулын хамгаалалтын бүсийн хил хязгаарыг  зөрчиж байгаа юм. Тэлдэггүй юмаа гэхэд, аль болох байгалийн унаган төрхийг нь хадгалж үлдэх, нөхөн сэргээх, ойжуулах зэрэг ажлыг өрнүүлэх ёстой атал улам хумих бодлогыг их бүтээн байгуулалтын сүрт далбаан дор явуулах болсоор удаж байна. Зөвхөн энэ барилга ч биш, аливаа бүтээн байгуулалтыг хийхдээ дархан цаазат, цогцолборт болон байгалийн дурсгалт газруудынхаа хамгаалалтын бүсийн хил хязгаартай уялдуулан шийдвэрлэх нь чухал юм.
Засгийн газраас 2008 оны хавраас бүх ард түмнийг орон сууцжуулах бүтээн байгуулалтын ажлаа эхлэхээ зарласан. Орон сууцанд амьдрахыг хүссэн ард түмний хүлээсэн хавар ч ирсэ‎‎‎н. Гэтэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хотын захын хорооллуудын ашиглаагүй байгаа газарт барилга барихаар БНСУ-ын "Л‎‎‎энд корпорэ‎йшн" компаний хөрөнгө оруулалтаар яармагийн гэр хорооллын авто замын хойд хэсэгт орчин үеийн загвар хийц бүхий хотхон барих хуулийн дагуу зөвшөөрөлтэй гэх нэгэн төсөл хэрэгжиж эхлэв. Энэхүү төсөлд Богд хан уулын хамгаалалтын ойн зурвасыг байгуулах, ойжуулах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй халаалтын системийн технологийг нэвтрүүлэх зэрэг олон зүйлийг тусгасан аж. Ийнхүү газар эзэмших зөвшөөрөлтэй үгүй нь мэдэгдэхгүй, нэгэн барилгын компани үйл ажиллагаагаа эхэлж, хатан Туулын маань сав газарт халдан орж, хайрга шороог нь сэндийчин ухаж, овоолж эхэлсэн юм. Энэ талаар мэргэжил нэгтнүүд маань нэг бус удаа тодруулахаар очиход, хаалгаа түгжээд хэдэн ажилтнаараа хөөлгөж байгаа харагдсан. Асуудалгүй л юм бол ингэж аашлах хэрэггүй л баймаар. Тойруулан хатгасан хашаа нь Туул голын эрэг хөвөөг даван цаашилсаар өргөн уудам зай талбайг хамрах болов. Энэ явдалд яармагийн оршин суугчдын тэвчээр алдарч, төр улс нь хамгаалж чадахгүй байгаа Туул голоо өрөвдөхийн эрхэнд “Хатан туулаа хамгаалъя” иргэний хөдөлгөөнтэй хамтран, эсэргүүцэн тэмцэж, Туулийн сав газарт довтлон орсон хашааг нураан зайлуулж, бага балчир наснаасаа зүлгэн дээр нь хөл нүцгэн гүйж, хөвөөнд тоглож өссөн Туул голынхоо урсах замыг нээж өгсөн юм. Гэсэн ч мөнгөтэй нь “босс” байдаг гэсэн бичигдээгүй хуулийнхаа дагуу маргааш өглөө нь дахиад л хашаагаа босгоод хатгачихсан байв. 
Нийслэл хотоор урсан өнгөрдөг Туул голын ойр орчмыг бохирдуулан, хөрс чулууг нь онгичож, байгалийн тэнцвэрт байдалд аюул учруулаад байгаа энэ асуудлаар, 2008 оны хавар ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, холбогдох байгууллагуудын хүмүүсийн хамт нөхцөл байдалтай танилцан, арга хэмжээ авахаа мэдэгдэж байсан ч тус компани одоог хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж, хатан Туул голын эрэг хөвөө орчмыг хөглөрсөн хогоор дарж, хайрга авах зорилгоор ухаж сүйтгэсээр л байгаа. Мөн хаягдал усаа нийлүүлдэг хотын төв цэвэрлэх байгууламж, зөвшөөрөгдсөн нормоос хэтэрсэн химийн хорт бодистой ус нийлүүлж буй арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд бохирдлоо Туулд голд цутгаж, усны бохирдлыг жилийн дундаж агууламж, чанарын стандартаас 5-20 дахин ихэсгэж, хүнээр бол эдгэршгүй өвчинг “хийсгэж” биш “хэлж” ирүүлээд халдааж байна. Хамгийн инээдтэй нь Туул голд загас ихээр үхсэн явдлыг усны бохирдолтой ямар ч хамаагүй. “Азгүй” загаснууд тэжээлийн дутагдалд орж үхсэн гэж тайлбарласан. 2007 онд 3.2 тонн, 2008 онд таван төрлийн загас үхсэн мэдээ бий. Байгаль орчны яамнаас Туул голыг хамгаалахад чиглэсэн ажлыг зохион байгуулдаг гэдэг ч  төдийлөн үр дүн мэдэгдэхгүй л юм.  
Холын холоос усны шувууд зорин ирж, тунгалаг усанд нь хөвөн зугаацаж, загас жараахай нь хөгжилдөн хөөцөлдөж, эрэг нугаар нь цэцэгс алаглан, байгалийн үзэмж төгс орчин бүрдээд, Туул дундрашгүй, дуусашгүй мэт санагдаж байсан сан. Одоо ч зорин ирэх шувуу ч үгүй, хөөцөлдөөд байх жараахай ч үгүй болж. Арга ч үгүй биз, урсаад байх ус ч үгүй болчихсон юм чинь. Хаа нэг “утсан чинээ амийг минь өршөө” гэх шиг юу юугүй тасрах шахан урсаж байгаа газар нь машины зогсоол, угаалгын газар нэг дор байрласан мэт зүсэн зүйлийн авто машин эгнэн зогсож, харангадаж ундаассан адуу мал зүг бүрээс цуглан, хүн малын хөлд дарагдсаар хатаж ширгэн, хайрга чулуу, хар шороо л үлдэж, шарилжаар дүүрч, бараантаж сааралтсан өөр ертөнц үзэгдэх болсоор удлаа.
Гол мөрөн, нуур цөөрөм, жижиг горхи, булаг, рашаан усны нөөцийн хомсдолд орж, ялангуяа унданд хэрэглэдэг гүний усны бохирдол ихэсч байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Манай улсад орон сууцны айл нэг литр усанд 25 мөнгө төлдөг бол гэр хорооллын айл нэг төгрөгөөр худалдаж авдаг. Харин бусад оронд усны үнэ өсч байгаа бөгөөд АНУ-д нэг литр ус 700 төгрөг, европын холбооны улсад 2550 төгрөг, Хятадад 800 төгрөгт хүрчээ. Дэлхийн цэвэр усны нөөц дуусч, харангадаж үхэхэд ойртоод байгаа өнөө үед “чандмань эрдэнэ” усаа хэмнэж, соёлтой хэрэглэх ёстойг санаж, хэрэгжүүлж явахад илүүдэхгүй л болчихоод байгаа юм. Байгаль орчны яамнаас хийсэн 2008 оны гадаргын усны эх үүсвэрийн тоо, нөөц, чанарын тооллогоор улсын хэмжээнд нийт 14490 гол горхи, булаг шанд тоологдсоноос 3129 нь тасарч ширгэсэн, мөн 3747 нуур, цөөрөм байгаагаас 1181 нь ширгэсэн дүн гарчээ. Энэ нь 2003 онтой харьцуулахад гол горхи, булаг шанд 962-оор, нуур, цөөрөм 421-ээр багассан үзүүлэлттэй байна.
Ой модыг юу ч үгүй огтлон тайрч, толгой дээрээ хэдхэн үстэй хүн шиг гялаалгаж орхидог нэгэн байгууллага бол мод бэлтгэх үйлдвэр юм. Модон материалын хэрэглээнд хяналт тавих арга, хэлбэр нь тодорхой бус, үр нөлөө муутай, мөн ойн болон байгаль орчинд тавих хууль хяналт сул, нөхөн сэргээх ажил төдийлөн хийдэггүй зэрэг нь Монголын их ойг хохироож, ойн салбар хөгжихгүй байхад ихээхэн нөлөөлж байгаа юм. Мөн хулгайгаар мод бэлтгэх явдал газар авч, тэднийг барьж илрүүлэх үүрэгтэй, тангараг өргөсөн зарим байцаагч, цагдаа нар нь авилгын амтанд эргэж гарах тэнхэлгүй болтлоо живээд, шунахай этгээдүүдтэй хамсах болсонтой ч холбоотой юм. Ой мод үгүй бол гол ус үгүй!  
Мөн сүүлийн жилүүдэд цаг агаарын хэт хуурайшилт, ган, ой хээрийн түймэр, технологийн бус мод бэлтгэл болон шавжийн үржин олшрох биологийн зүй тогтолтой холбогдон, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн найм орчим хувийг эзлэн ургадаг ой модонд навч, шилмүүс, үр боргоцой, гол иш, үндсээр хооллогч шавжууд хэт олширч, хэд хэдэн аймаг, сум, нийслэлийн нутгийг хамран голомтлон тархаж, байгалийн гамшиг болохуйц хөнөөл учруулж байгаа бөгөөд энэ нь ойн экосистем өөрчлөгдөн ус зохицуулах, хөрс хамгаалах зэрэг экологийн ач холбогдолт шинж чанарыг алдагдуулж, улмаар жижиг гол горхи, нуур цөөрөм хатаж ширгэн, цөлжилт хурдацтай явагдахад нөлөөлж байна. Монгол орны ой модонд 400 орчим зүйлийн хөнөөлт шавж тэмдэглэгдсэнээс Сибирийн хүр, Өрөөсгөл хүр, Эгэл бийрэн сүүлт, Бургасны бийрэн сүүлт, Нарсны хүр, Якобсоны төөлүүрч, Шинэсний шилмүүс хуйлагч, эвэрт, мөлгөр, холтосч, долонч зэрэг 40 орчим зүйлийн хөнөөлт шавж онцгой хөнөөл учруулж байгааг судалгаагаар гаргажээ.
2004 онд Завхан, Архангай, Хөвсгөл, Төв, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Хэнтий, Булган зэрэг аймгийн  зарим сумд, мөн Нийслэл Улаанбаатар хотын ногоон бүс, Дархан Цаазат Богд Хан Уул зэрэг газар нутгийн 608.0 мянган га талбайд тоймчилсон судалгааг явуулсан байна. Судалгааны явцад дээж талбайнууд байгуулан ойн хөнөөлт шавж, өвчний нягтшилтыг тооцож байсан ба Төв, Өвөрхангай, Завхан, Хэнтий, Улаанбаатар хотын ногоон бүсийн ой, Дархан Цаазат Богд Хан Ууланд ойн голлох хөнөөлт шавж болох Сибирийн хүр эрвээхэйн нягтшилт нэг модонд 40-70 ширхэг Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр тоологдож байв.
 Агаар мандалд хаягдаж буй нийт хорт бодисын 90-ээс илүү хувийг ялгаруулж буй дулааны цахилгаан станцууд ч байгаль орчинд их хэмжээний хор хөнөөл учруулсаар байна. Энэ нь шилмүүст ой давжаарах, өсөлт зогсох, экосистемийн удаан хугацааны гүнзгий өөрчлөлт гарах шалтгаан болжээ. Тухайлбал, УБ хотын III, IV ДЦС-ын утаа Богд Хан уулын шилмүүст ой давжаарах, өсөлт нь зогсох зэрэг хор хөнөөлийг учруулж буйг дотоодын болон гадаадын эрдэмтдийн судалгаа нотолсон байна.
Ингээд л хүн төрөлхтөн хэмээх “ухаант амьтан”-ы буруу нөлөөгөөр байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, Дархан цолтой “дарлуулсан” уул, Хатан нэртэй “хатсан” гол болж байгаа юм. Богд хан уул, хатан Туул голоор жишээ аван өгүүлэхэд л байдал ийм байна. Эх орны минь өөр хаа нэгтээ ямархан уул, ус маань хашаа хороогоор хайрцаглуулж, ухаж төнхүүлэн, аврал эрэн дүнсийж байгаа бол. Уул, усаа цаасан дээр л дархлаад, хамгаалаад, дуун дээр л магтаад байх гэж үү. Монголын сөнөж сүйрч байгаа ой, хатаж ширгэж буй гол мөрөн чухам юуг үгүйлнэ вэ? 

Г.Болороо
Бичсэн: nuuts | цаг: 12:52 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(13)
Сэтгэгдэл:


zov
zov zov ene tuhai yariad l bh hergtei 76n p....nart hurtl chihend ni honogshtl;
Бичсэн: Зочин цаг: 14:55, 2010-03-12 | Холбоос | |


байгаль дэлхийгээ хайрлаарай гэж
тийм шүү. байгалиа хайрлаж байж л бид амар тайван аж төрнө гэж байгаа. бид үнэхээр амьд байгалийн алуурчид юм аа. чөтгөр
Бичсэн: Зочин цаг: 14:16, 2010-03-12 | Холбоос | |


бичлэг сайтай юм байна
цаг агаарын энэ их өөрчлөлтөд хүн төрөлтний буруутай үйлдэл "гүнээ" хувь нэмрээ оруулж байгаа л даа. 2012 онд нээрээ дэлхий сөнөвөл гайхах хэрэггүй л болов уу даа. хүн өөрөө л сөнөөх мөхөөх юм аа хийчихээд дараа нь айж амаа барьж суух юм. ингээд бодохоор хүн гэдэг үнэхээр хөөрхийлөлтэй тэнэг амьтад юм байна.
Бичсэн: Зочин цаг: 14:08, 2010-03-12 | Холбоос | |


tiim ee
чи хаана өссөн бэ үнэхээр юм бодогдуулахаар бичжээ. эх орныхоо төлөө байгаль дэлхийнхээ төлөө ингэтлээ санаа зовдог нэг ч гэсэн хүн байгаад сэтгэл их сайхан байна. би яг чам шиг бодолтой байдаг ч чам шиг ингэж хурц үгээр илэрхийлж лав чадахгүй байх аа. чамд амжилт хүсье. applause
Бичсэн: Зочин (зочин) цаг: 13:59, 2010-03-12 | Холбоос | |


Hi-d bayarlalaa
Бичсэн: Зочин цаг: 17:25, 2010-02-13 | Холбоос | |


хэлэх үг алга ааа чамд амжилт хүсье гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 13:32, 2010-02-12 | Холбоос | |


Unen bichsen bn aa.
Amjilt huseye.
Chi chadnaa
Бичсэн: Hi цаг: 14:33, 2010-01-29 | Холбоос | |


Hi
Uneheer dogi bichjee. Chamd amjilt husie
Бичсэн: Зочин (зочин) цаг: 13:56, 2010-01-29 | Холбоос | |


tim shuu herev ted heltei bsan bol zondoo ih gomdolloh bsan bhdaa ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 13:34, 2010-01-29 | Холбоос | |


¯íýí þì áè÷æýý àðãàã¿é ë ñýòã¿¿ë÷ õ¿íèé í¿äýýð ñàéõàí áè÷ñýí áàéíà ø¿¿ õýõýõýõýõý
Çîëèã ãýæ ýõ îðîíîî õàéðëàà÷ýý ýíý õ¿ì¿¿ñ îäîî óõààðàà÷
Бичсэн: Зочин (зочин) цаг: 13:32, 2010-01-29 | Холбоос | |


unen shuu.goy blsn bna.eniig olon hun unshij uhaaraasai daa te. баярлах тэврэлт гоё шүү гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 13:24, 2010-01-29 | Холбоос | |


Айн Эрхэм болороо минь дэмж л дээ
Бичсэн: Зочин цаг: 13:00, 2010-01-29 | Холбоос | |


сайхан л бичсэн байна
Бичсэн: Зочин цаг: 12:58, 2010-01-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax